Судалгааны тухай

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн Шийдэл ТББ, IRIM судалгааны хүрээлэн хамтран “ Монгол Улсын Жижиг, Дунд Бизнесийн Өрсөлдөх Чадварын Судалгаа ”-г 2023 онд гүйцэтгэсэн.

Жижиг, дунд бизнес (ЖДБ) нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг. ЖДБ-ийн салбарыг хөгжүүлэх нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад онцгой хувь нэмэр оруулдаг тул олон орон ЖДБ-ийн хөгжлийг тэргүүлэх чиглэлээ болгосон байдаг. Монгол Улсын хувьд 2021 оны байдлаар үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн 66.1% нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид байна. Тэд ДНБ-ий 5.5%-ийг бүрдүүлж, нийт барааны экспортын 2.4%, импортын 9.7%-ийг гүйцэтгэжээ (ҮСХ, 2021).

Энэхүү судалгааны хүрээнд ЖДБ-ийн өрсөлдөх чадвар, түүний орчны нөхцөл байдлыг цогцоор нь тодорхойлж, цаашдын хэрэгцээ шаардлагыг үнэн зөв оновчлох боломж бүрдсэн.

Судалгаанд Олон Улсын Худалдааны Төв (ОУХТ)-ийн ЖДБ-ийн өрсөлдөх чадварын матрицан аргачлалыг ашиглан Монгол Улс дахь ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг компанийн чадавх, бизнесийн экосистем, макро орчин гэсэн гурван түвшинд тодорхойлсон. Энэ аргачлал нь компанийн чадавхыг өрсөлдөх чадвар, холбогдох чадвар, өөрчлөгдөх чадвар гэсэн гурван тулгуур хүчин зүйлээр үнэлж, ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг тодорхойлсон, түүний орчин нөхцөлийг цогцоор нь судалсан анхны ажил гэдгээрээ онцлог юм.

Улс бүрийн харьцуулах түвшнийг тооцохдоо үнэлгээний тэгшитгэлд тухайн орны нэг хүнд ноогдох ДНБ-г орлуулж тодорхойлсон.

ЖДБ-ийн өрсөлдөх чадварын дунджилсан индекс ба нэг хүнд ноогдох ДНБ-ий хамаарал

Монгол Улсын хувьд харьцуулах түвшин 44.2 юм. Мөн МУ-ын хувьд сул ба хүчтэй утга нь харгалзан 26.5 ба 70.7 байна.

ЖДБ-ийн өрсөлдөх чадварын нэгдсэн үзүүлэлтүүд

Компанийн чадавхын хувьд ерөнхий индекс 48.7, өрсөлдөх чадварын дундаж оноо 49.7, холбогдох чадварынх 42.9 оноо, өөрчлөгдөх чадварынх 53.3 оноо байна. Эдгээрээс холбогдох чадварын багана харьцуулах түвшнээс доогуур үнэлэгдсэн бөгөөд өрсөлдөх ба өөрчлөгдөх чадварын баганаас 7-10 орчим оноогоор доогуур үнэлэгджээ. Ялангуяа бичил бизнесийн хувьд холбогдох чадвар дутмаг байна. Иймд компанийн түвшинд холбогдох чадварыг сайжруулахад анхаарах шаардлага байна.

ЖДБ-ийн өрсөлдөх чадварын матрицын хураангуй

Дундаж оноо [0-100] Индекс ӨрсөлдөхХолбогдохӨөрчлөгдөх
Компанийн чадавхНийт48.749.742.953.3
Бичил44.146.338.447.5
Жижиг52.152.647.056.8
Дунд58.356.851.766.5
Бизнесийн экосистем52.256.642.957.0
Макро орчин57.939.257.177.4
Харьцуулах түвшин: 44.2
Сул түвшин: <26.5 оноо Хүчтэй түвшин: <70.7 оноо

Бизнесийн экосистемийн хувьд ерөнхий индекс 52.2, өрсөлдөх чадварын дундаж оноо 56.6, холбогдох чадварынх 42.9 оноо, өөрчлөгдөх чадварынх 57.0 оноо байна. Өрсөлдөх ба өөрчлөгдөх чадварын дундаж оноо харьцуулах түвшнээс дээгүүр, харин холбогдох чадварынх харьцуулах түвшнээс доогуур үнэлэгджээ. Иймд бизнесийн экосистемийн түвшинд мөн л холбогдох чадварыг сайжруулахад анхаарах шаардлага байна.

Макро орчны хувьд ерөнхий индекс 57.9, өрсөлдөх чадварын дундаж оноо 39.2, холбогдох чадварынх 57.1 оноо, өөрчлөгдөх чадварынх 77.4 гарчээ. Өрсөлдөх чадварын баганын үнэлгээ харьцуулах түвшнээс доогуур, харин өөрчлөгдөх чадварынх хүчтэй түвшинд үнэлэгдсэн байна. Эдийн засгийн гурван түвшинд өөрчлөгдөх чадварын багана нөгөө хоёр баганаасаа өндрөөр үнэлэгдсэн байна.

Компани, бизнесийн экосистем, макро орчны харьцуулалт, үндсэн үзүүлэлтийн түвшинд

Судалгааг бүтнээр нь уншихыг хүсвэл энд дарна уу.